TIME.MN-ийн таван асуулт TIME.MN эрх мэдэл, албан тушаал бүхий хүмүүсээс олны анхаарал татсан чухал асуудлаар тодорхой таван асуултыг уншигчдынхаа өмнөөс асууж эхэллээ. TIME.MN-ийн таван асуултад Та өөрийн биеэр болон онлайнаар, утсаар гэх мэт ямар ч хэлбэрээр хариулж болно.
Хариултыг илгээх цахим хаяг: time@mediagroup.mn, утас: 7676 2200
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 1 сарын 21

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарын хариулт

1. Нийслэлийн газрын албыг Өмчийн харилцааны газартай нэгтгэлээ. Өмчийн харилцааны газрын чиг үүрэг юу вэ. Ингэж нэгтгэснээр ямар үр дүн гарах вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудыг батлахад Өмчийн харилцааны газар, Газрын албыг нэгтгэн Өмчийн харилцааны газар гэж байхаар шийдвэрлэсэн. Өмчийн нэг хэлбэр болох үл хөдлөх хөрөнгийг газраас салгаж ойлгох аргагүй юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн үйлчилгээнд "Нэг цонх"-ны зарчмыг нэвтрүүлэх, мэдээллийн технологийг ашиглах бүртгэлийг түргэн шуурхай болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ хоёр газрыг нэгтгэн зохион байгуулсан гэж ойлгож болно.

Манай байгууллага нь газар болон өмчийн харилцааны талаар төрөөс баримталж буй бодлогыг хууль тогтоомжийн хүрээнд холбогдох журам, дүрмийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн газрыг хамгаалах, өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, газрын болон өмчийн бүртгэлийг төгөлдөржүүлэх, өмчийн болон газрын түрээс, татвар, хураамжийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, олон нийтийн болон нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчилсөн болон эзэмшиж, ашиглаж байгаа газрыг чөлөөлөх зэрэг үндсэн чиг үүрэгтэй.

Өмч гэдэг нь өөрөө газар дээр оршин тогтнодог тул энэ хоёр ойлголтыг салгах аргагүй юм. Энэ ч үүднээс газрын болон өмчийн бүртгэлийг шинэ шатанд гаргаж, харилцан уялдаа холбоог сайжруулах зэрэг ажлыг зохион байгуулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч байх, түүнийг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар нэлээд ажлыг хийхээр төлөвлөн энэ хоёр байгууллагыг нэгтгэсэн.

2. Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тусгасан. Энэ хүрээнд Нийслэлийн өмчийн газар ямар ажил хийх вэ?
-Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд хүсэлт гаргасан иргэд маань гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар амины хашааны газраа өмчлөн авч, өмчийн эрхийн гэрчилгээтэй болсноор өөрийн газраа барьцаалах, зээл авах, худалдан борлуулах зэргээр эрх зүйн харилцаанд орох үндэс суурь нь болж, өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулан, амьдрал ахуйгаа сайжруулах нэгэн нөхцөл бүрдэж байгаа юм.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн өмчийн харилцааны газраас хийхээр төлөвлөж буй нэг ажил нь нийтийн орон сууцанд амьдардаг оршин суугчдадаа тухайн орон сууцны барилгын доорх газрыг айл бүрийн ам метрт ногдох хувиар нь хувилан газрыг нь эзэмшүүлэх явдал юм.

Нийтийн орон сууцанд амьдардаг иргэд хот дахин төлөвлөлтийн ажилд итгэх итгэлгүй байдаг нь дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд саад болдог гол хүчин зүйл юм. Оршин суугчид өөрсдийн орон сууцанд хамаарагдах сууцны талбайн хувиар газар эзэмших эрхтэй болно гэдэг нь хуучин барилгаа нураалгалаа гэж бодоход тухайн газрын газар эзэмших эрх нь үлдэж байгаа учраас илүү итгэлтэй болж, дахин төлөвлөлтийн ажлыг маань дэмжин, өөрсдийн амьдрах орчин нөхцлөө сайжруулахын тулд идэвхтэй оролцох болно. Дахин төлөвлөлтийг амжилттай хэгжүүлж чадсанаар хот хөгжих, хотын эдийн засаг сайжрах, хотын иргэдийн амьдралын түвшин дээшлэх, хотын ногоон байгууламж нэмэгдэх, авто замын сүлжээ сайжрах зэрэг томоохон ач холбогдолтой гэдэг нь гадны хөгжилтэй орнуудын жишээ, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, судалгаа зэргээс харагдаж байгаа.

Мөн нийслэлийн удирдлагуудын зүгээс хотын төвөөс зайдуу гэр хорооллыг бие даасан инженерийн шугам сүлжээтэй, тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэхээр томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын үнэлгээ өсөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ.

3. Нийслэлийн удирдлагууд энэ онд газар чөлөөлөх асуудалд ихээхэн анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн. Энэ ажил хэрхэн явагдах вэ?

-Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч байгаатай уялдан нийслэл хотод томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Үүнтэй холбогдуулж улс, орон нутгийн тусгай хэрэгцээ, нийтийн болоод нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн иргэдийн хувийн өмчлөлд шилжсэн, эзэмшил ашиглалтад байгаа газрыг албадан чөлөөлөх шаардлага гарч байгаа юм. Энэ шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж Иргэний танхимд болсон хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн.

Урьд өмнө нийслэлд авто зам шинээр байгуулах гэж ямар их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байлаа? Нэг айлаас болж замын ажил маань хийгдэж чадахгүй ихээхэн хугацаа алддаг байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү хуулийн төслийг боловсруулсан.
Хууль батлагдвал бүтээн байгуулалтын ажил маань хэрэгжихэд ихээхэн ач холбогдолтой, иргэдэд ч нөхөх олговор олгох тал дээр хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

4. Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 0.7 га газраа өмчилж аваагүй иргэдэд эрх нь нээлттэй хэвээрээ юү?
-Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар 2013 оны тавдугаар сарын 1 гэдэг бол хууль хэрэгжиж дуусах хугацаа биш. Энэ нь иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтын үргэлжилж дуусах хугацаа юм. Хугацаа дууссан тохиолдолд цаашид яах вэ гэдэг нь хуулийн түвшинд яригдах асуудал.

Газрын нөөц гэдэг нь өөрөө хязгаарлагдмал зүйл. Газраа өмчилж аваагүй иргэдэд хэд хэдэн боломж бий. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиас гадна Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж байдаг. Энэ хуульд зааснаар нийслэлийн иргэн нийслэлийн газар нутагт газар өмчилж авах эрхтэй. Мөн бусад аймаг, сумын нутагт газар өмчлөх эрхтэй гэж заасан байгаа. Харин орон нутгийн буюу бусад аймаг, сумын иргэд нийслэлд газар өмчлөх эрхгүй. Гэхдээ харьяа газраасаа өөр аймаг, сумдад газар өмчлөх боломжтой юм.
 
5. Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Хууль батлагдвал нөхөн олговрыг ямар хугацаанд ямар журмаар олгох вэ?

-Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийн 33 дугаар зүйлд заасанчлан газар чөлөөлөлтөд өртөгчтэй байгуулсан газар чөлөөлөх гэрээнд заасан нөхцлийн дагуу нөхөн олговрын 85 хувийг нүүн суурьшихаас өмнө, 15 хувийг гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсний дараа олгохоор заасан. Мөн хуульд заасан хугацаанд тохиролцоонд хүрч, гэрээ байгуулан, гэрээний үүргээ биелүүлсэн бол нөхөн олговрын үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор зааж, үлдэгдэл 15 хувийг олгохдоо хамтатган олгохоор тусгасан байгаа.

Мэдээний линк: http://question.time.mn/content/24128.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...