TIME.MN-ийн таван асуулт TIME.MN эрх мэдэл, албан тушаал бүхий хүмүүсээс олны анхаарал татсан чухал асуудлаар тодорхой таван асуултыг уншигчдынхаа өмнөөс асууж эхэллээ. TIME.MN-ийн таван асуултад Та өөрийн биеэр болон онлайнаар, утсаар гэх мэт ямар ч хэлбэрээр хариулж болно.
Хариултыг илгээх цахим хаяг: time@mediagroup.mn, утас: 7676 2200
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 11 сарын 19

ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдоржийн хариулт

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдоржийн хариулт

-Манай улсад оршин сууж буй урд хөршийн иргэдийн тоо хуульд зааснаас хэтэрсэн гэх мэдээлэл байна. Бодит тоо баримтыг хэлнэ үү?

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хүртэл хувь байж болно” гэсэн заалт бий. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын тоонд /өнгөрөгч оны жилийн эцсийн байдлаар манай улсын хүн ам 2.811.666-д хүрсэн/ харьцуулж үзэхэд энэ оны 11 дүгээр сарын байдлаар  хамгийн их буюу нэг улсаас 17946 гадаадын иргэн хувийн хэргээр оршин сууж байгаа нь хуульд заасан хувь хэмжээнээс хэтрээгүй. Өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэсэн үг юм.

-Хятад иргэд ихэвчлэн жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлдэг гэсэн мэдээлэл бий. Хяналт шалгалтыг ямар хугацаанд, хэрхэн явуулдаг вэ?

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулдаг. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар ажил хэргийн болон жуулчны визийн ангиллаар түр ирсэн боловч хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон нийт 1093 гадаадын иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсаас албадан гаргалаа.

-Та энэ байгууллагад шинээр томилогдсон. Үйл ажиллагааны ямар шинэчлэл хийх вэ?

-Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичигт заасны дагуу байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг өргөжүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр Хууль зүйн яамтай хамтран Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Мөн Хууль зүйн сайдын тушаалаар шинэчлэн баталсан орон тоо, бүтцийн хүрээнд газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Манай улсад зорчиж буй гадаадын иргэд Монгол Улсаас гадаад улсад суугаа ЭСЯ-д болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас виз авч манай улсын хилээр нэвтэрдэг бөгөөд ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх алба хилээр нэвтрэх эрхийн бичгийг шалгаж нэвтрүүлдэг. Энэ нь хил хяналтын байгууллагуудын хяналт, шалгалтын давхардал, уялдаа холбоогүй байдлыг бий болгож улмаар зарим гадаадын иргэд үүнийг буруугаар ашиглах  боломжийг бүрдүүлж байна.

 Уг асуудлыг шинэчлэлийн Засгийн газрын үед нэгмөр шийдэн гадаадын иргэд манай улсын хилээр нэвтрэх, оршин суух үед зөвхөн нэг байгууллагаар буюу ГИХАЭГ-аар үйлчлүүлж, хяналт тавьдаг дэлхийн жишигт хүргэх  эрх зүйн болон дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж ажиллах болно.

-Танай ажилтнууд авлигын хэрэгт холбогдохгүй байх тогтолцоо бүрдэж чадсан уу?

-Тухайн байгууллагын үйл ажиллагаа хэдийчинээ олон нийтэд нээлттэй байна тэр хэмжээгээр албан хаагчид авлигаас ангид байх боломж бүрдэнэ. Тиймээс байгууллагын үйл ажиллагааг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээнд олон нийтэд нээлттэй болгох, дотоод хяналтыг сайжруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд  иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, хэрэгцээт мэдээллийг ил тод хүртээмжтэй хүргэхээр 18-82 утас, цахим хэлбэрээр зөвлөгөө өгч, санал хүсэлтийн хайрцаг  ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч дээрх тусгай дугаарын утсаар мэдээлэл, зөвлөгөө авахаас гадна албан хаагчид, гадаадын иргэдийн визийн зөрчлийн талаарх  мэдээллийг өгөх  боломжтой. 

-Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт үйлдсэн гадаадын иргэд хилээр оргон зайлсан тохиолдлууд бий. ГИХАЭГ цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Манай байгууллага үндэсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүргийн хүрээнд зөвхөн цагдаагийн байгууллагатай бус бусад хууль хяналтын байгууллагуудтай харилцан шуурхай мэдээлэл солилцох, эрхэлсэн ажлын чиглэлээр бусад байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажилладаг. Хуулиар зохицуулснаас гадна Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтран баталсан “Хамтран ажиллах журам”-ын хүрээнд дээрх хоёр байгууллага үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж байна.
Мэдээний линк: http://question.time.mn/content/21342.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...